May 2, 2011
Аль-Каидагийн удирдагч Осама Бин Ладен амь үрэгдлээ
“АНУ-ын нэрий нь дурьдаагүй засгийн газрын гурван төлөөлөгчийн хэлснээр Бин Ладений цогцос Америкийн эрх баригчдын мэдэлд байгаа гэж мэдэгдэж байна” CNN мэдээллээ.

Бин Ладен Нью-Йорк, Вашингтон хотууд руу довтолсон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш АНУ-ын гол дайсанд тооцогддог болсон юм.

Тэрээр Пакистаны нийслэл Исламабад хотоос 100 орчим километрийн зайд оршдог Абботабад хотод амьдардаг байсан бөгөөд түүний гэр нь Пакистаны хамгийн алдартай цэргийн академийн ойролцоо байрладаг байжээ. Америкийн цэргийн хоёр нисдэг тэрэг харанхуй болсон үед гэр рүү нь пуужингаар агаараас цохилт өгсөн байна.

Энэ мэдээг гарсан даруйд Цагаан ордны өмнө олон хүн цугларч “АНУ! АНУ!” гэж орилцгоожээ. Барак Обама Ерөнхийлөгч болсныхоо дараа Бин Ладенийг барих эсвэл алах тушаал өгсөн тухайгаа өөрийн хэлсэн үгэндээ дурьдлаа. Түүний хэлж буйгаар 2010 оны наймдугаар сард түүний байгаа байршлыг тогтоосон байна.

Энэ оны гуравдугаар сард тус мэдээлэл нотлогдсон бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлчээр Бин Ладенийг барих тушаал гарчээ.

Тус үйл ажиллагаагаар Бин Ладений хоёр эхнэр дөрвөн хүүхэд нь баривчлагдсан байгаа аж. Мөн урьдчилсан мэдээгээр түүний нэг хүү нас барсан байна. “Аль-Каида”-гийн удирдагчтай хамт түүний бие хамгаалагчид, хамтран зүтгэгчид зэрэг хэд хэдэн араб хүн амиа алдсан байна.

Тус үйл ажиллагааг Америкийн тэнгисийн явган цэргийнхэн зэрэг Америк Пакистаны тусгай албаныхан хамтран гүйцэтгэсэн бөгөөд буудлагын үеэр Осама бин Ладен алагдсан байна.

2001 оноос түүнийг АНУ “номер нэг алан хядагчаар” зарласан бөгөөд түүнийг баривчлахад тусалж мэдээлэл өгсөн хүнд таван сая ам.доллар амласан билээ. Энэ үеэр Осама бин Ладен Афганистанд байсан бөгөөд “Талибан” хөдөлгөөнийхний зочинд тооцогдож байжээ.

2004 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Осама бин Ладен видео бичлэгээр дамжуулж 2001 оны алан хядах үйл ажиллагаанд "Аль-Каида" бүлэг шууд хамааралтай байсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын Афганистан дахь цэргийн ажиллагаа эхэлсний дараахан Осама бин Ладен нуугдсан юм. Тэр үеийн Ерөнхийлөгч Жорж Буш “Бин Ладенийг амьдаар нь юм уу үхсэнээр нь барих болно” гэж байжээ.

С.Халиун

Эх сурвалж: www.cnn.com

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!