May 3, 2011
         Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ц.Ганболдын ахалсан тус яамны ажлын хэсэг БНПУ-ын Батлан хамгаалах яамны урилгаар Варшавт ажлын айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын үеэр Монголын төлөөлөгчид Польшийн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын батлан хамгаалах бодлого эрхэлсэн орлогч Збигнев Влосовичтой хэлэлцээ хийж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээр санал солилцов. Талууд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын гэрээнд ойрын үед гарын үсэг зурахаар боллоо. Манай төлөөлөгчдийг Польшийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Мичеслав Чениух, Хуурай замын цэргийн командлагч дэслэгч генерал Збигнев Гловийнка, Агаарын цэргийн командлагч дэслэгч генерал Лех Маявски нар хүлээн авч уулзаж НҮБ-ын Энхийг дэмжих болон Афганистан дахь НАТО-гийн Аюулгүй байдлыг хангах олон улсын цэргийн хүчин (ISAF)-ий ажиллагаанд хоёр улсын Зэвсэгт хүчний оролцооны талаар харилцан мэдээлэл хийлээ. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Польшийн Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Бумар” нэгдэл, тусгай хүчний бригад болон Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд тус тус зочилсон байна.
        Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2003-2008 онд Ирак Улсад Польшийн тэргүүлсэн олон үндэстний дивизийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2004 оны хоёрдугаар сард харуулын ахлагч Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар Чарли бааз руу үйлдэхээр завдсан террорист халдлагыг таслан зогсоож, олон орны 2000 орчим цэргийн албан хаагчийн амь насыг аварч байсан билээ. Энэ эрэлхэг гавъяаг Польшийн цэргийнхэн, олон нийт бахархан дурссан бол монголчууд ч Иракт цуг үүрэг гүйцэтгэсэн Польшийн офицер, ахлагчдыг мартаагүйг манай төлөөлөгчид илэрхийлжээ. Ялангуяа 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленск хотын ойролцоо болсон онгоцны ослын үеэр амь эрсэдсэн Польшийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан генерал Францишек Гагор, Хуурай замын цэргийн командлагч асан хошууч генерал Тадеуш Буук нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж, Монголын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлсэн байна.
          Польшийн тал Монгол Улсыг НАТО-гийн Дэлхий дахины түншлэл хөтөлбөрийн хүрээнд харилцагч орны статустай болоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бол манай төлөөлөгчид БНПУ-ын Батлан хамгаалахын сайд Богдан Клихийг яамныхаа 100 жилийн ойн ёслолын арга хэмжээнд урьжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!