March 15, 2011

Тусгай салаа 2

Тусгай салаа 2 киноны трейлэр болон клип мэдээ мэдээллийг хүргэж байна.
Үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан “Тусгай салаа” 60 ангит телевизийн цувралын үргэлжлэл “Тусгай салаа-2” уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 16- нд үзэгчдийн хүртээл болох нь. Киноны ерөнхий най руулагчаар Ж.Батбаяр, Л.Ариун жаргал нар хамтарч ажиллах бөгөөд уран бүтээлчдийн баг хуучин бүрэлдэх үүнээр ажиллах юм байна. 

Уг кинонд зэвсэгт хүчний агаарын цэрэг болон цэргийн ангийн сүүлийн үеийн техник, сүр хүчийг харуулж, гэрээт цэргийн аж амьдралын тухай өгүүлэх юм. Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Батлан хамгаалах яамны 90 жилийн ойд зориулсан “Тусгай салаа-2” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Т.Эрдэнэбаяр тоглоно. Мөн өмнөх ангид тоглосон жүжигчид оролцох аж.
Жинхэнэ тусгайгийнхан гэж юу байдаг, Монголын тусгай хүчин ямар түвшинд хүрснийг харуулах “Тусгай салаа-2” бү- рэн хэмжээний нэг ангит кинонд МИ-171 нисдэг тэрэг, шүхрийн буулт, тусгай даалгавар гээд жинхэнэ адал явдал өрнөх аж. Сүлд десантын офицер болж, Номинтойгоо амьдарч, дөрвөн настай хөөрх өн охинтой болсон байна. Охин нь хүүхэлдэйгээ тоодоггүй, үргэлж байлдаж тоглоно. Дэндэв 016 дугаар ангид танкийн дарга болсон байна. Чимэгээ Герман явсан ч “Гахайны мах идэхгүй” гээд араас нь яваагүй Дэндэв удалгүй шинэ хайртай учирна. Жинхэнэ танк, байлдааны сумаар буудлага хийж, тусгайгийн хамгийн сүүлийн үеийн зэвсэг техник ашиглах киноны зохиолыг “Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны зохиолч А.Амарсайхан бичжээ.
Трейлэр болон Клипийг мөн хийлээ...




Monkey.mn дээрх ярилцлага.
Сүлд: Би эр хүн, тэгээд ч цэргийн амьдралд дуртай учраас орлон тоглогч аваагүй
-Сая байшингаас бууж байгааг чинь харлаа. Зураг авалт хүнд байна уу?
-Юун түрүүнд уншигчиддаа мэнд хүргэе. “Тусгай салаа 2”-ийг би өмнөх анги шигээ төсөөлж байсан чинь үгүй юм байна. Миний хувьд байлдагчаас шууд офицер рүү үсэрсэн. Офицер гэдэг бол хамгийн шилдэг нь байх ёстой байдаг юм билээ. Офицер офицертоо бүр Оросын Резаны цэргийн их сургуулийг төгссөн мундаг офицер болсон. Бас бүлгийн дарга. Өмнө нь байлдагч байсан хүн байлдагч нарыг ахлаад явна гэдэг шал ондоо юм байна лээ. Байлдагч бол яахав, ард амьдралаас ирдэг болохоор тэр болгоныг чаддаг байх албагүй. Харин тусгай томилолтын бүлгийн дарга бол цэргийн эрдмийг төгс эзэмшсэн байх ёстой болохоор нэлээд хэцүү байсан. Жишээ нь цэргүүдийн үүрч явдаг аранзаас 10 кг гаруй илүү хүндийг үүрч уулан дээгүүр гүйнэ гээд бод доо.
-Зарим хүнд хэсэгт орлон тоглогч авах тохиолдол байна уу?
-Одоохондоо аваагүй байна. Саяын байшин дээрээр буулт хийдэг хэсэгт орлон тоглогчтой явж болно. Гэхдээ би эр хүн, тэгээд ч цэргийн амьдралд дуртай учраас өөрөө буусан. Ер нь сайхан байна аа. Бас нэг зүйл хэлэхэд дөрвөн жилийн дараахи Сүлд гэдэг бол баян айлын эрх хүүхэд байхаа болиод өөрөө амьдралаа авч явдаг жинхэнэ эр хүн болсон учраас дүрийн судалгаа хийх хэрэгтэй болсон. Дөрвөн жилийн дараа хүн мэдээж төлөвшсөн байна. Өмнөх шигээ нялцагнаж ярихгүй гэх мэт. Алдаа оноо бол гарч л байгаа байх.
-“Тусгай салаа”-ны нэг, хоёрдугаар ангийн зураг авалтын хугацаанд та нар их зүйл сурсан биз дээ. Бараг нэг жилийн цэргийн албан хаасны дайтай мэдлэг эзэмшчих шиг санагдсан?
-Онгирч байгаа юм биш. Кино зураг авалт гэдэг бол зохиол уншаад түүнийгээ хийгээд байдаг зүйл биш. Цэрэг хүний алхаа гишгээ, үг хэл гэж шал ондоо. Эхний ангийн зураг авалтын үеэр цэргийн албыг бид дөрвөн сар хаасан. Тэгэхдээ марш тактикид явлаа. Танкинд, нисдэг тэргэнд ч зураг авалт хийсэн гээд жирийн цэргүүдийн үзээгүйг ч үзсэн. Хугацааны хувьд богино ч гэсэн киногоо сонирхолтой болгох үүднээс цэргийн бүх амьдралыг үзсэн. Тэр үүднээсээ хугацаат цэргийн албан хаагчаас илүүг үзээд киног дуусгасан гэж бодож байна. Одоо энэ анги дээр офицер болоод бүлэг хариуцаж байна. Бүлэг гэдэг нь 7-8 хүний бүрэлдэхүүнтэй хэдэн хүн бүлэг болоод, бие биедээ амиа даатгаад, ажиллагаанд явахыг хэлдэг юм байна. Жишээ нь ард буудалцаан болж байсан ч арагшаа харахгүйгээр бие биедээ итгэдэг. Манай бүлэгт мундаг залуусыг шигшиж авсан. Харин би өөрөө юу ч мэдэхгүй мөртлөө бүлгийн ахлагч болоод тоглож байна. Зураг авалтад тэд их тусалж байгаа.
-Та нар киноны уран бүтээлч, цэргийн албан хаагчид гэлтгүй бүгдээрээ нэг гоё хамт олон болсон харагдаж байна лээ. Энд хэр удаа байрлаж байгаа вэ?
- Төв аймгийн Сэргэлэн суман дахь 016-р ангийн зураг авалтын 30-40 хувийг авсан. Тэнд бид ес хоног, энд ирээд долоо хоноод байж байна. Гэр рүүгээ дээр нэг удаа л очсон.
-Зураг авалтад болсон хөгжилтэй явдлаасаа яриач?
-Цасаар хучигдсан уулан дээр цав цагаан хувцас өмсөөд, буугаа цагаанаар бүрээд 100 метрийн цаанаас бараг хүн гэж танигдахааргүй найман хүн ажиллагаанд явж байгаа зураг авалт байсан. Бид 25 кг аранз, буу, офицер цүнх, дуран гээд хүн хөдлөхийн аргагүй хүнд юм үүрээд явж байгаа юм. Манайхан ер түүртэхгүй алхана. Гэтэл би аранзандаа дийлдээд гэдийчихсэн, өрөвдлийн амьтан дөрөвт нь явж байгаа юм чинь. Түүнийг хараад найруулагч намайг “дөрөвдэх” гээд нэрлэчихсэн. Нэг хэсэгтээ тийм нэртэй явсан. Цэргийнхэн дэг, жаяг хатуу хүмүүс. Түүнийг нь мэдэхгүй жагсаал дунд буруу зөрүү дугарч их онигоонд орно. Өнөөдөр л гэхэд зэрэгц командыг штабын дарга өгөхөд давтах ёсгүй юм байна. Түүнийг нь би давтаж хэлж, 100 гаруй офицерын дунд орилж, онигоонд ороод…
“Тусгай салаа 2” дээр Дэндэв, Сүлд, Түвшинөөс гадна үйл явдлыг зангидах хоёр шинэ дүр гарах юм байна. Түүний нэгд тоглосон жүжигчин Б.Чинзориг ийн ярьж байна.
-Би Дэндэвийн экипажид хамт үүрэг гүйцэтгэдэг, ахлагч Батхуяг гэдэг залуугийн дүрд тоглож байгаа. Ер нь эсрэг талын дүр л дээ. Батбаяр гэдэг хүнээс болж Дэндэвийн амьдрал өрнөж байгаагаар гарч байгаа юм. Кинонд түүний эсрэг дүр болж тоглож байгаа болохоос биш бид нэг ангийн хүүхэд. 2003 онд СУИС-ийг хамт төгссөн юм.
-Цэргийн хуаранд амьдраад цэрэг хүний амьдралаар амьдрах ямар байна вэ?
-Манай аав офицер хүн байсан болохоор би бага сага гадарлана л даа. Энд ирээд гоё л санагдаж байлаа. Цэргийн хоол надад тохироод жин нэлээд нэмэх шинж ороод байгаа. Төв аймгийн Сэргэлэн суманд их хүнд зургууд авсан. Ихэнхдээ шөнийн, гадаахи зургууд. Жишээ нь би шархдаад онгоцоор татуулж байгаа гэх мэт.
-Сүлд нэлээд борлосон байсан. Та харин гайгүй байна шүү дээ?
-Би бас борлосон. 016-р ангиас бууж ирэхэд уруул хагараад, бараг сайртаж байсан. Харин саяын хэдэн өдөр зураг авалтгүй байсан учраас гэртээ хариад арай гайгүй болчихоод байгаа нь энэ. Одоо миний зураг авалт бол бараг дуусч байна.
Зураг авалтын хэсэг, жүжигчдийн ярианаас үзэхэд “Тусгай салаа 2”-т цэргийн амьдрал илүү гүнзгийрч гарах бололтой. Ямартаа ч үзэгчдийн хүсэн хүлээсэн киноны хоёрдугаар анги тун удахгүй гарах нь. Нэг шинэ сонин дуулгахад, “Тусгай салаа 2”-оор МҮОНРТ-ийн энэ жил хийх олон ангит киноны “ханш нээнэ” гэдгийг тус телевизийн ерөнхий захирал М.Наранбаатар хэлж байна лээ. Учир нь үүний дараа ЭМЯ-ны 90 жилийн ойг тохиолдуулан олон ангит кино хийлгэх хүсэлтийг ЭМЯ-наас тавиад байгаа бол цагдаагийн амьдралыг харуулсан кино хийж өгөөч гэсэн хүсэлт ирээд байгаа гэсэн. Мөн тэрээр, “Манайх анх “Сарны нулимс” нэртэй 20 ангит кино хийж байлаа. Тэгээд “Хэцүү анги”, “Тусгай салаа”-г хийсэн. Ер нь олон ангит кино хийж эхэлснээрээ Монголын телевизүүдийн өргөн нэвтрүүлгийн салбарт том хөдөлгөөнийг авчирсан. Одоо бусад телевизүүд ч олон ангит кино хийж байна. Бид алийн болгон солонгосийн, зохиогчийн эрхгүй кино гаргах вэ. Энэ бол Монголын телевизүүдэд оруулж байгаа МҮОНРТ-ийн оруулж байгаа хувь нэмэр гэж хэлж болно” гэсэн.

2010 оны “Гоо марал” наадмын телевизийн шилдэг бүтээлээр шалгарсан “Хэцүү анги”, “Тусгай салаа” кинонд ерөнхий редактороор ажилласан, МҮОНТийн III нэгдлийн дарга Д.Эрдэнэцэцэг, “Тусгай салаа 2” дээр мөн ажиллаж байгаа ажээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Олон ангит хоёр уран бүтээл дээр ажилласан хүний хувьд нэлээд туршлагатай болсон байх?
-МҮОНТ бодлогынхоо хүрээнд өдгөө хүүхэд залуусын дунд ноёлоод байгаа Солонгосын сериалыг халах үүднээс эхний киног хүүхдүүдэд зориулан хийсэн. “Хэцүү анги” киног хүлээж авсан үзэгчдийн байдлаас дараагийн бүтээлээ залуучууд руу хандуулж хийх ёстой юм байна гэж үзээд цэрэг, эх орны сэдэвтэй “Тусгай салаа” киног Батлан хамгаалах яамныхантай хамтран бүтээсэн.
-Сэдвээ зөв сонгохоос гадна санаагаа яаж гаргахаас үзэгчдэд хэрхэн хүрэх нь шалтгаалах байх. Зохиолын тухайд “Тусгай салаа 2”хэрхэн бүтэв?
-Хүүхэд, залуустай ажиллаж байсан манай багийн олон жилийн туршлага байсан. Тэгээд сэдэв, санаагаа хэлж өгөөд, зохиолч А.Амарсайханаар “Хэцүү анги”-ийн зохиолыг бичүүлсэн. Харин “Тусгай салаа”-д туршлагатай хүн байх хэрэгтэй гэдэг үүднээс найруулагч Ж.Батбаярыг сонгож киноны багт нэмэгдэж орсон. Нэг баг болчихсон хамт олон гэж байдаг даа. Бид яг л тийм гар, сэтгэл нийсэн хамт олон.
-Дараагийн олон ангит киног эрүүл мэндийн салбараас сэдэвлэж хийнэ гэсэн. Танай бас оролцох уу?
-Аливаад ээлж гэж бий. Энэ удаа манай баг өнжинө. МҮОНРТ-ийн нийт уран бүтээлчдийн дунд тендэр зарласан байгаа.

Үндэсний шуудан сонин
Д.Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж:
www.mongolnews.mn
www.mnb.mn
www.tsag.mn
www.monkey.mn

1 Сэтгэгдэл:

Post a Comment
  1. Нээрээ 3 сарын 18нд гэж байснаа 16нд ТЭНГИС ӨРГӨӨ СОЁМБО гэх мэт кино театруудад нээлтээ хийнэ гэсэн.

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!