April 19, 2011
Даваа гаригт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийнхан урлаг, спортоор “амьсгалж” өнжлөө. Учир нь энэ өдөр UBS TV-ийн   “TV ZONE” сэтгүүлийнхэн тэнд бүлээрээ очсон юм. Уншигчдын хүртээл болоод 3 жил болж буй тус сэтгүүл нийгэмд хандсан цөөнгүй сонирхолтой арга хэмжээ зохиодог. Түүний нэг нь “Итгэлийн хаалга-сэтгэлийн түлхүүр” нэртэй өдөрлөг. Энэ удаа  “TV ZONE”-ийнхон ЗХЖШ-тай хамтран “Итгэлийн хаалга-сэтгэлийн түлхүүр-2” буюу “Эх орон эндээс эхтэй” хэмээх содон нэртэй өдөрлөгөө цэрэг дайчдын дунд хийлээ. Үүний өмнөх буюу анхны өдөрлөгөө ШШГЕГ-ын харьяа нэгэн хорих ангид хийжээ.  “Энэ удаа Зэвсэгт хүчнийхээ цэрэг дайчид, офицер, ахлагч нарт сэтгүүлээ сурталчлахын зэрэгцээ бас баярлуулахыг хүссэн юм. Зөвхөн ингээд зогсохгүй тус ангид зохиосон арга хэмжээгээ нэвтрүүлэг болгон ирэх 7 хоногт UBS телевизээр гаргана” гэж “TV ZONE” сэтгүүлийн эрхлэгч Б.Сайнбаяр онцолж байсан.
Тус сэтгүүлийн ажилтнууд, урлагийнхан гээд 30 гаруй хүнтэй бүрэлдэхүүнтэй очсон. Олны танил дуучид Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа, Ц.Буянжаргал нарыг цэрэг эрс “амьдаар нь” харж, нэрийн хуудас болсон олон сайхан дууг нь алга нижигнүүлэн ташиж дахиулж байлаа.  Ангийн захирагч, хурандаа Д.Батбаатар дуучин Андбаатарын Мөнхбатад тусгайлан захиалга өгч “Шагай шиг хэдэн адуу” дууг дуулуулаад сэтгэл хангалуун суусан.
Мөн “Тусгай салаа” киноны Сүлдийн ээжид тоглосон жүжигчин Алтантуяа Ардын уран зохиолч Д.Цоодолын “Харамчийнхан” дуулийг уншиж, “Universe best  songs-2009” тэмцээний шилдэг оролцогч Амина, Болороо,  UBS телевизийн нэвтрүүлэгч Оюунцэцэг нар ая дуугаа өргөсөн. Мөн цэрэг дайчид, офицер, ахлагч нарын дунд “АХА” болон сагсан бөмбөгийн тэмцээн, гар барилдаан, олс таталтын тэмцээн зохиож 016 дугаар ангийнхныг бүхэл өдөржин “цэнгэн хөгжилдүүллээ”. Бас цэрэг бүрт бэлэг өгсөн. “Үнэхээр үр өгөөжтэй сайхан арга хэмжээ байна. Бусад ангиудад энэ арга хэмжээг үргэлжлүүлэн хийвэл амаргүй ажил албатай цэргийнхэнд маань том сюрприз болно доо” гэж уулзсан офицер, ахлагч бүр ярьж байсан. “ЗХЖШ-аас Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх талаар хийж буй томоохон ажлын нэг нь энэ өдөрлөг боллоо. Үр дүн, ач холбогдол нь өндөр арга хэмжээ учраас ЗХЖШ дэмжсэн юм” хэмээн ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, дэд хурандаа З.Баярмагнай онцлосон. “Гэр бүлийн гишүүн бүрт зориулав” гэх содон тодотголтой “TV ZONE” сэтгүүлийнхэн үнэхээр ажилсаг, авьяаслаг, сэтгэл, зүтгэл нийлсэн залуус гэдэг нь өдөрлөгийн анонс, аппаратур техник хэрэгслээ байрлуулах, арга хэмжээг бэлтгэх, зохион байгуулах гээд бүх зүйлээс нь харагдаж, мэдрэгдэж байлаа.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!