April 13, 2011
Афганистан Улсад явагдаж байгаа АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа, НАТО-гийн тэргүүлсэн Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчний ажиллагаанд дэмжлэг хүсч, АНУ, ХБНГУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр ээлжийн цэргийн баг тус улсад үүрэг гүйцэтгэсэн бөгөөд гурав дахь ээлжийн цэргийн баг энэ мөчид үүргээ нэр төртэй биелүүлж байна. 
          Тэгвэл тэдний халааг авах дөрөв дэх ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн  Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх сургалтад хамрагдаж бэлтгэлээ базаан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Манай цэрэг, дайчид эх орныхоо захиас даалгаварыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморь золбоогоо сэргээж, зам мөрөө тэгшитгэж ирсэн уламжлалтай юм.  
          Олон улсын цэргийн ажиллагаанд манай цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа нь Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх чухал үүргийн нэг төдийгүй, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл юм. 
         Афганистан улсад зохион байгуулж байгаа АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд Цэргийн хамгаалалтын рот болон артиллерийн сургалтын хөдөлгөөнт багт нийт 170 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэхээр явж байгаа бөгөөд цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Б.Хаш-эрдэнэ томилгодон үүрэг гүйцэтгэх юм. Цэргийн багт ХХЕГ, ТЕГ болон Зэвсэгт хүчний 27 анги байгуулагаас сонгон шалгарсан цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэх бөгөөд нийт бүрэлдэхүүний 55,8 хувь нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай цэргийн алба хаагчид юм.  
          Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх үдэн гаргах ёслолын арга хэмжээнд БХ-ын дэд сайд С.Баасанхүү, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүний гэр бүлийнхэн оролцлоо.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!