March 17, 2011
          2006 оноос хойш Монгол цэргийн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үүдийг нээсэн Сьерра Леон дахь Тусгай шүүхийн хамгаалалтын ажиллагаа дуусгавар болж Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн баг хэзээ мөдгүй эх орондоо ирэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 ээлжийн 2300 цэнхэр дуулгатан Сьерра Леон улс дахь НҮБ-ын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

          НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2005 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 1626 тоот тогтоол гарч Сьерра Леон дахь Тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах НҮБ-ын 250 цэргийн алба хаагчийг UNMIL ажиллагааны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснээр монголын цэргийн анхны баг цэнхэр дуулгатны эгнээнд нэгдэх боломж бүрдсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 225 дугаар тогтоол гарч Зэвсэгт хүчний цэргийн багийг Сьерра Леонд илгээх асуудал шийдэгдсэн байна. Тэр үед зарим хүний “мөн ч холын мөрөөдөл байна даа” гэж эс тоож байсан зорилтод Монгол Улсын Зэвсэгт хүчин харьцангуй богино хугацаанд хүрсэн төдийгүй НҮБ-д цэргээ хандивласан Тор 40 орны тоонд багтлаа.
          “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд цэргийн анхны баг удирдаж туршлага хуримтлуулсан дэд хурандаа Б.Баярмагнайд мөн л Монголын анхны энхийг сахиулагчдын 250 хүнтэй багийг удирдуулахаар итгэл хүлээлгэсэн юм. Зэвсэгт хүчний цэргийн анхны баг 2006 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр НҮБ-ын тусгай шүүхийн хамгаалалтын үүргийг урьд үүрэг гүйцэтгэж байсан Нигер улсын цэргийн багаас хүлээж авснаар Монголын цэнхэр дуулгатнуудын бахархалт үйлс эхэлсэн билээ.
          Тус багийг үүрэг гүйцэтгэж байхад 2006 оны 7 дугаар сарын 3-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан өөрийн биеэр цэргийн багт зочилж, монголын цэнхэр дуулгатнуудын албаны үйл ажиллагаатай танилцсан юм. Ноён Кофи Аннан “Миний бие одоогоос хоёр жилийн өмнө Монгол улсад айлчлан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийг оролцуулах талаар ярилцаж байсан бол өнөөдөр энэ нь бодит биелэл болоод зогсохгүй, богино хугацаанд мэргэжлийн өндөр ур чадвараа харуулж чадсаныг та бүхэнтэй хамтран ажиллаж буй НҮБ-ын хамт олон бахдан хэлж байгааг сонсоход таатай байна” гэж онцлон тэмдэглэсэн билээ.
          НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнь 2010 оны 6 дугаар сарын 14-нд Монгол Улсын цэргийн багт зочлохдоо монгол цэргүүд тэсвэр хатуужил, сахилга бат, дасан зохицох чадвараар бусад орны цэргийн алба хаагчдаас эрс ялгаатай байж, энхийн төлөөх үйлсэд нэр төртэй хүчин зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад талархал илэрхийлсэн байдаг.
          Монгол улсын цэргийн багуудыг үүрэг гүйцэтгэж байхад сонин содон үйл явдлууд цөөнгүй болж байсан. Тухайлбал “Хувьсгалын нэгдсэн фронт”-ын гол удирдагчид болох Иссэ Хасан Сисэй, Моррис Галлон, Ауистин Абао нарыг хүн төрөлхтөн, олон улсын хүмүүнлэгийн хуулийн эсрэг үйлдсэн 18 зүйл анги гэмт хэрэгт буруутган шүүсэн бөгөөд тэднийг шүүх хурал 2004-2009 онд 300 гаруй удаа болжээ. Либерийн экс Ерөнхийлөгч Чарльз Тайлорыг дэмжигчид олон байсан тул Тусгай шүүхийн хүсэлтээр Голландын Гаага хот дахь Олон улсын цэргийн шүүхэд шилжүүлэх үеийн хамгаалалтыг НҮБ-ын хамгаалалтын албатай хамтран Монголын цэргийн баг амжилттай гүйцэтгэсэн юм. 
          Тусгай шүүхийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд НҮБ-ын тусгай комисс ээлж бүрд ирж цэргийн багийн үйл ажиллагаа, техник тоноглолын бэлэн байдлыг шалгадаг бөгөөд шалгалт бүрт “Үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой” гэсэн үнэлгээ авч ирсэн нь монголын энхийг сахиулагчдын зүтгэл чармайлтын томоохон үнэлгээ гэж үзэх бүрэн үндэстэй. Монголын энхийг сахиулагчид, тэдний техник тоног төхөөрөмжид НҮБ-аас өгсөн нөхөн төлбөрөөр Зэвсэгт хүчний хөгжлийн сан арвижиж, цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болж байгаад олон хүн талархалтай явдаг юм.
          Үүрэг гүйцэтгэсэн баг бүр Медаль гардуулах ёслолыг Монгол орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах томоохон арга хэмжээ болгон зохион байгуулж ирсэн уламжлал тогтсон. Энэ арга хэмжээнд НҮБ-ын Либери дэх хүчний командлалын төлөөллөөс гадна Сьерра Леон улсын төр засаг, цэргийн удирдлага оролцож монгол дайчдын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтыг бахдан үздэг.
          Монголын энхийг сахиулагчид иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэхэд багагүй анхаарч ирсэний үр дүнд нутгийн иргэд монгол дайчдад элгэмсэг ханддаг найрсаг харилцаа тогтсон гэж хэлж болно. Ээлж бүр Фрийтаун хотын дунд сургуулийн анги, танхимыг тохижуулж, сурагчдад хичээлийн хэрэглэл бэлэглэхээс авхуулаад хотын зам, гүүрийг засварлах, гудамж талбайг тохижуулах зэрэг олон төрлийн ажлыг тогтмол хийж ирсэн. Мөн Сьерра Леон улсын Арми, цагдаагийн байгууллагуудтай холбоотой ажиллаж, албаны мэдээлэл солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах зэрэг үр бүтээлтэй ажлууд нь цэнхэр дуулгатны нэр хүндийг өргөх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
          Сьерра Леон улс дахь Тусгай шүүхийн хамгаалалтын аюулгүй байдлыг хангах ажиллагаа харьцангуй тайван нөхцөлд явагдсан хэдий ч цагийн байдлын гэнэтийн өөрчлөлт, халуун орны цаг агаарын хүндрэлтэй холбоотой элдэв халдварт өвчний тархац их зэрэг нь тэнд үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болох сөрөг хүчин зүйлүүд олон байсан. Цэргийн багийн удирдлага, эмч нарын анхаарал, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байсаны үр дүнд монголын цэргийн албан хаагчдаас халуун орны элдэв өвчин эмгэгт өртөлгүй үүргээ амжилттай гүйцэтгэсэн юм.
          Сьерра Леоны ажиллагаа өндөрлөж буй үйл явдлыг тохиолдуулан дэд хурандаа Б.Баярмагнай, Д.Ганзориг, хурандаа Ж.Бадамбазар, И.Батболд, дэд хурандаа Б.Баатар, хурандаа П.Батжаргал, дэд хурандаа М.Мөнхбаяр, А.Балжинням, Б.Хаш-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарын удирдсан багуудын бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, монголын ард түмэн энхийг сахиулагчдынхаа гэгээн үйлсээр бахархаж явдгийг тэмдэглэе.
          Энхийг сахиулах ажиллагааны шанг татсан энэ ажиллагаанд оролцож, цэнхэр дуулгатны ажиллагааны арга тактик, туршлага, хат суусан монголын олон арван цэргийн албан хаагчид Чад, ТАБНУ, Судан улсад НҮБ-ын мандаттай ажиллагаанд оролцоход тулах хүч, түших багана болж ирсэнийг онцлон тэмдэглэх учиртай. 
          Таван жилийн турш халуун нар, аадар бороонд үл шантран өргөсөн тангарагтаа үнэнч үүрэг гүйцэтгэсэн Монголын энхийг сахиулагчид эх орныхоо нэрийг дэлхийд сонорт хүргэж, улсорон, ард түмнийхээ энхийг эрхэмлэсэн бодлого, үзэл санааг түгээн дэлгэрүүлсэн ардын дипломатууд гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
Дэд хурандаа Г.НЯМДОРЖ

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!