January 22, 2011
 Монгол Улсын ууган архивуудын нэг болох ТЕГ-ын Тусгай архив нь Дотоодыг хамгаалах газрын даргын 1932 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 41 тоот тушаалаар анх байгуулагдсан.  
1930-аад оноос Дотоодыг Хамгаалах Ерөнхий Газрын баримт бичгийг эмхлэн цэгцлэх ажлыг зохион байгуулж, байнга хадгалах баримтыг төв, орон нутгаас төвлөрүүлэн карт, бүртгэлд оруулж эхэлжээ. 1944 он хүртэл архивын баримтыг төрөлжүүлэн цэгцлэх, дугаар, бүртгэлийг шалгах, зэрэг ажлууд үргэлжлэн хийгдэж, 1945 оноос архивын заавар гарган мөрдөх болсон байна. Улмаар 1950-аад онд архивын ажлын чиглэлээр зохион байгуулалт, үйл ажиллагааны олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь зохих үр дүнд хүрсэний зэрэгцээ төрөлжсөн сангуудыг байгуулж эхэлжээ.

1960-аад хойших хугацаанд мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх, архивын ажлыг тухайн үеийн шаардлагад нийцэхүйц хэмжээнд, тогтвортой явуулах зорилт тавьж ажилласнаар баримтын хадгалалт хамгаалалт, сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт болон архивын баримтад эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, тоо бүртгэлд оруулах, лавлагааны сан бүрдүүлэх, ашиглуулах, архивын судалгаа, шинжилгээний ажилд тодорхой ахиц өөрчлөлт гарсан байна.

1980 онд 1739,6 хав.дөр.м. ашигтай талбайтай, галын дохиоллын систем бүхий архивын зориулалтын байрыг ашиглалтад оруулсан нь архивын баримтын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, ажилтнуудын ажиллах нөхцөл, боломжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ.

Тус архив нь 1922 онд Дотоодыг Хамгаалах Газар байгуулагдсан үеэс хойших Монгол Улсын тагнуулын байгууллагын үйл ажиллагааны явцад үүсэн бий болсон бүхий л баримт, мөн Цагдан сэргийлэх байгууллага (хуучин нэрээр), Хилийн ба дотоодын цэрэг (хуучин нэрээр), Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллага (хуучин нэрээр)-ын үйл ажиллагааны явцад бий болсон 1990 оныг хүртэлх баримтаас бүрдсэн 260 000 орчим хадгаламжийн нэгж бүхий сан хөмрөгтэй бөгөөд Архивын тухай, Тагнуулын байгууллагын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Байгууллагын нууцын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай архивын сан хөмрөгийн онцлог нь нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж буй тагнуулын ажлын явцад хуримтлагдсан болон гүйцэтгэх ажлын хүч хэрэгсэл, түүний тоо бүртгэлтэй холбоотой “нууц”-аас “маш нууц-онц чухал” зэрэглэлтэй, зөвхөн тагнуулын байгууллагын төдийгүй Монгол Улсын түүхэнд холбогдох түүх, эрдэм шинжилгээ, практикийн асар их ач холбогдол бүхий үнэт баримтуудыг багтааж байдагт оршино.
Одоо тус архивын сан хөмрөг нь:
  • нэгдсэн сан
  • мөрдөн байцаалт, цагаатгалын хэргийн сан
  • гадаад тагнуулын сан
  • хувийн хэргийн сан
  • тусгай сан болон гүйцэтгэх ажлын холбогдолтой бусад сангуудаас  бүрдэж бaйнa.
Тус архивын баримтад тулгуурлан судалгаа хийх группийг анх 1959 онд байгуулсныг 1983 онд тасаг болгон өргөтгөж 1990-ээд он хүртэл ажиллуулсан бөгөөд тагнуул, цагдаа, хилийн цэрэг болон Монгол Улсын түүхэнд холбогдох бусад сэдэв, чиглэлээр өргөн хүрээтэй судалгаа хийж, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь бие, мэдлэг зүтгэлээ зориулсан олон арван алдар гавъяатнуудыг тодруулан гаргажээ.

1962 онд байгуулсан “Чекистийн кабинет”, түүнээс улбаалан 1983 онд байгуулсан “НАХЯ-ны музей”, 1998 онд байгуулсан “Хилийн цэргийн музей”, 2002 онд байгуулсан “ТЕГ-ын музей”-н үндсэн эх сурвалж нь тус архивын сан хөмрөгөөс үүсэлтэй.

Түүнчлэн Тусгай архивын баримтанд тулгуурлан тагнуулын байгууллагын ажилтнуудаас 6 хүн эрдмийн зэрэг хамгаалсны дээр манай орны нэрт зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, кино найруулагч, уран бүтээлч, судлаач нар олон арван тууж, өгүүллэг, судалгааны бүтээл, уран сайхны болон баримтат кино, телевиз, радиогийн нэвтрүүлэг бэлтгэсэн нь олны хүртээл болсон юм. Одоо тус архивын уншлагын танхимаар гадны болон өөрийн байгууллагын судлаач, ажилтнууд, иргэдэд архивын баримтыг ашиглуулан үйлчилгээ үзүүлж бaйнa.

Тус архивт байгууллага, иргэдээс хуучин НАХЯ-ны системд ажиллаж байсан, Хилийн ба Дотоодын цэрэгт алба хаасан, Аюулаас хамгаалах байгууллагад тусгай үүрэг гүйцэтгэж байсан болон бусад асуудлын талаар лавлагаа, тодорхойлолт авахыг хүссэн эрэлт, хүсэлт олон зуугаар ирдэг бөгөөд эдгээрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу, зохих ёсоор шийдвэрлэж, архивын үйлчилгээ үзүүлж байдаг. Ялангуяа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд мөрдөн байцаалтын хэргийг холбогдох байгууллагуудад гаргаж өгөх, хэлмэгдэгчийн талаар архивын лавлагаа, цагаатгасан тогтоолын хуулбар олгох, тоо бүртгэл хөтлөх, хэлмэгдлийн талаархи судалгааны материалыг бэлтгэх, ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны архивуудтай цагаатгалын асуудлаар харилцах зэрэг гол ажил, үүргийг тус архив гүйцэтгэж бaйнa. Уг хууль гарснаас хойших хугацаанд байгууллага, иргэдээс 34469 эрэлт, хүсэлт хүлээн авч шийдвэрлэсний дотор 27734 архивын лавлагаа, мөн тооны тогтоолын хуулбар олгож, одоо энэ ажил үргэлжилж байна. 

ТЕГ-ын Тусгай архивын анхаарлын төвд байдаг гол асуудлууд нь:
  • Архивын ажлыг холбогдох хуулийн хүрээнд, шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах;
  • Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг улам сайжруулах;
  • Төрийн нууцыг чандлан хамгаалахын зэрэгцээ архивын баримтыг байгууллага, иргэдэд аль болох нээлттэй ашиглуулах;
  • Ажилтнуудынхаа онолын мэдлэг, мэргэжил, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх;
  • Байгууллага, иргэдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх явдал юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!