March 17, 2011

М Э Н Д Ч И Л Г Э Э

Монгол Улсын Их Хурлаас Зэвсэгт хүчний өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон нийтээр тэмдэглэж байхаар хуульчилсны дагуу энэ арга хэмжээ анх удаа явагдаж байгаа баярт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын нийт иргэд, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч байлдагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, цэргийн үүрэгтэн Та бүхэнд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

            Одоогоос 2220 жилийн тэртээ Модун шаньюй Төв Азид нутаглаж байсан нүүдэлчин аймгуудыг байлдан дагуулж нэгтгэснээр Монголын анхны төрт улс болох хүчирхэг Хүннү гүрнийг байгуулсан үеэс Монгол цэргийн буурал түүх эхэлж, улмаар 805 жилийн өмнө  эзэн Чингис хааны буй болгосон Их Монгол Улсын цэргийн зохион байгуулалт, сүр хүч, байлдах урлаг, сахилга журам дэлхий дахинаа гайхамшигт түүхийг үлдээжээ.

            Энэхүү түүхийг сэргээн уламжилсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл ялалт, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд Манж чин улсын 220 жилийн дарлалаас чөлөөлөгдөж, туурга тусгаар Монгол Улсаа  байгуулан мандуулсан, Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтын гол цөм, хөдөлгөгч хүч нь Монгол цэрэг байсан билээ.

            Ийнхүү Монгол Улсын шинэ түүхийн үед эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх үйл хэрэг, олон улсад энхийг дэмжих ажиллагаанд Монголын цэрэг, Зэвсэгт хүчний дайчид, цэргийн багийн бие бүрэлдэхүүн түүхэн үүрэг гүйцэтгэж, амжилт гаргаж, тавигдсан зорилтоо нэр төртэй биелүүлж, дэлхий дахинаа нэр алдраа мандуулж байгаа нь Монгол цэргийн дайчин уламжлалын илэрхийлэл, Монголын ард түмний бахархал болж байна.

            Энэ өдрүүдэд 1921 оны 3 дугаар сарын 18-нд анхны ялалт байгуулж, улмаар шинэ үеийн Зэвсэгт хүчний эхлэлийг тавьж, хөгжиж бэхжсэн түүхт 90 жилийн ойг тэмдэглэж байгаагийн зэрэгцээ  1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буй болсны 100 жил, 1921 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойг угтсан их ажлын хүрээнд уг арга хэмжээг  зохион байгуулж байгаа нь Монгол цэргийн түүхнээ  онцлог  үйл явдал болж үлдэх юм. 

            Та бүхнийг Монгол цэргийн урлаг, дайчин замналаас суралцах, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах, цэргийн шинэчлэлийг төгөлдөржүүлэх, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйл хэрэгт улам их амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.
           
            Монгол цэргийн золбоо хийморь үеийн үед мандан бадарч байх болтугай.

             
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Л.БОЛД

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!