March 10, 2011

Монгол цэргийн өдрийг тэмдэглэнэ

      Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.
       Монголчууд төр улсаа байгуулаад наанадаж 2000 гаруй жил болсон түүхтэй бөгөөд анх нийтийн тооллын өмнөх 209 онд Хүннү улс байгуулагдаж түүхэнд бичигдэх болсноос хойш Сүмбэ, Нирун, Хятан зэрэг эртний улсууд монгол нутаг дээр оршин тогтнож нутаг дэвсгэр, газар нутгаа цэргийн хүчээр хамгаалж ирснийг түүхэн сурвалжууд нотолж буй юм. Түүний дараах монгол овог, аймгууд түүхийн ээдрээ нугачаанд мандан, буурч явсаар Хамаг Монгол улсын үеэс дахин хүчирхэгжиж, цэрэг зэвсгийн хүчээр тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэж иржээ. Хамаг Монголын суурин дээр 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын үед монголчууд түүхийн тавцнаа товойн гарч, өмнөх үеийн монгол цэргийн уламжлалд тулгуурласан үндэсний хэмжээний, байнгын шинжтэй, дотоод, гадаад мянганаас бүрдсэн 10.5 түмэн хүнтэй хүчирхэг морьт цэргийг байгуулсан нь дэлхийн түүхэнд нэрээ дуурсгажээ.
       Үүнээс хойш монголчууд харийн гүрний эрхшээлд орж нэгэн хэсэг буурч явсан ч үе үеийн цэрэг эрс үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн бөгөөд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтын үр дүнд тусгаар тогтнолоо зарлан үндэсний цэргээ байгуулж, 1921 оны хувьсгалын ялалтын дараа шинэ үеийн Зэвсэгт хүчнийг эмхлэн байгуулсан билээ.
       Энэхүү ХХ зуунд сэргээн байгуулагдсан Зэвсэгт хүчин нь үндсэндээ монгол цэргийн өнө эртний уламжлалыг харгалзсан, залгамж шинж чанар бүхий цэрэг бөгөөд түүний үүсэл, хөгжлийг Их Монгол Улс төдийгүй Хүннү улсын цэрэгтэй холбон авч үзэхээс өөр аргагүй юм. Иймд монгол цэргийн үүсэл, гарлыг Хүннү улсаас тооцож үзэх нь зохимжтой байна.
       Монгол цэргийн түүхийн хоёр мянга гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэдэг Зэвсэгт хүчний өдрийг “Монгол цэргийн өдөр” хэмээн нэрлэхээр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” 2003 онд баталсан Монгол Улсын хуулинд өөрчлөлт оруулах саналыг 2011 оны хоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. Монгол цэргийн өдрийг тэмдэглэх талаар БХЯ-ны ТЗУГ-ын дарга Ш.Сүхбаатар, БХИС-ийн захирал, бригадын генерал З.Болдбаатар, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор /Ph/ С.Ганболд, доктор Ж.Базарсүрэн нар хэвлэлийн бага хурал хийлгэж сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

1 Сэтгэгдэл:

Post a Comment
  1. ahiin duu sain medeelel nemsen bn. Ah ni chinii hiisen yumnuudiig harah gd l shine blogiin chini neriig martchihsan bsn yum. Say temdegleed awchlaa.

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!