April 27, 2011
Афганистан улс дахь АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-нд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн багуудын ээлж хүлээлцэх ёслолын ажиллагаа 2011 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр AIB house буюу байнгын байрлалд боллоо. Ёслолын ажиллагаанд Афганистан улс дахь Монгол Улсын Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа П.Батжаргал, Л.Гантөмөр, “Eggers” баазын дарга, цэргийн багийн III ээлжийн цэргийн багийн захирагч дэд хурандаа, С.Содов, IV  ээлжийн захирагч дэд хурандаа, Б.Хаш-Эрдэнэ, АНУ-ын холбогч офицер, ахлагчын баг, “BSS, Хөх-Өд хамгаалалтын албаны дарга зочид төлөөлөгчид, цэргийн багуудын бие бүрэлдэхүүн оролцлоо.
April 19, 2011
Даваа гаригт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийнхан урлаг, спортоор “амьсгалж” өнжлөө. Учир нь энэ өдөр UBS TV-ийн   “TV ZONE” сэтгүүлийнхэн тэнд бүлээрээ очсон юм. Уншигчдын хүртээл болоод 3 жил болж буй тус сэтгүүл нийгэмд хандсан цөөнгүй сонирхолтой арга хэмжээ зохиодог. Түүний нэг нь “Итгэлийн хаалга-сэтгэлийн түлхүүр” нэртэй өдөрлөг. Энэ удаа  “TV ZONE”-ийнхон ЗХЖШ-тай хамтран “Итгэлийн хаалга-сэтгэлийн түлхүүр-2” буюу “Эх орон эндээс эхтэй” хэмээх содон нэртэй өдөрлөгөө цэрэг дайчдын дунд хийлээ. Үүний өмнөх буюу анхны өдөрлөгөө ШШГЕГ-ын харьяа нэгэн хорих ангид хийжээ.  “Энэ удаа Зэвсэгт хүчнийхээ цэрэг дайчид, офицер, ахлагч нарт сэтгүүлээ сурталчлахын зэрэгцээ бас баярлуулахыг хүссэн юм. Зөвхөн ингээд зогсохгүй тус ангид зохиосон арга хэмжээгээ нэвтрүүлэг болгон ирэх 7 хоногт UBS телевизээр гаргана” гэж “TV ZONE” сэтгүүлийн эрхлэгч Б.Сайнбаяр онцолж байсан.
April 13, 2011
Афганистан Улсад явагдаж байгаа АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа, НАТО-гийн тэргүүлсэн Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчний ажиллагаанд дэмжлэг хүсч, АНУ, ХБНГУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр ээлжийн цэргийн баг тус улсад үүрэг гүйцэтгэсэн бөгөөд гурав дахь ээлжийн цэргийн баг энэ мөчид үүргээ нэр төртэй биелүүлж байна. 
April 3, 2011

Зарлал

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ
ХАРЪЯА АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, БҮГД НАЙРАМДАХ
ТУРК УЛСЫН АНКАРА ХОТЫН ЦАГДААГИЙН АКАДЕМИЙН
2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭЛСЭН
СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
         Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтсийн урилгаар АНУ-д албан ёсны айлчлалаа гуравдугаар сарын 29-ны өдрөөс эхэллээ. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд АНУ-д анх удаа албан ёсоор айлчилж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Батбаяр, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ц.Ганболд, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай нар багтжээ. 
March 17, 2011

Тусгай салаа 2


Хархад зүс нь Монгол Ханилахад сэтгэл нь Монгол Хатгахад цус нь Монгол Халихад сүнс нь Монгол Дайнд цөс нь Монгол Далайхад илд нь Монгол Эвшээхэд нум нь Монгол Эрхшээхэд үр нь Монгол Нөгчихөд яс нь Монгол Нөхөрлөхөд андгай нь Монгол Зэр зэвсэг нь хүрэл Монгол Зэвсэгт хүчний 90 жилийн ойн мэндийг Монгол эр хүн танд хүргэе.
          2006 оноос хойш Монгол цэргийн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үүдийг нээсэн Сьерра Леон дахь Тусгай шүүхийн хамгаалалтын ажиллагаа дуусгавар болж Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн баг хэзээ мөдгүй эх орондоо ирэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 ээлжийн 2300 цэнхэр дуулгатан Сьерра Леон улс дахь НҮБ-ын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай гүйцэтгэлээ.
  Нэгэн цагт дэлхийн талыг морин туурайгаар тамгалж, Монгол хүний ид хавийг гайхуулж асан өвөг дээдсийнхээ дайчин улалжлалыг залгамжилсан Монгол цэргүүд өнөөдөр дэлхийн халуун цэгүүдэд эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадвараа нотлон харуулж энхийн төлөө шударга үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж байна. Монгол цэргүүд хилийн чанадад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойших 9 жилийн хугацаанд манай энхийг сахиулагчид дэлхийн 10 гаруй оронд үүрэг гүйцэтгэж давхардсан тоогоор манай 4900 цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байна. 

М Э Н Д Ч И Л Г Э Э

Монгол Улсын Их Хурлаас Зэвсэгт хүчний өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон нийтээр тэмдэглэж байхаар хуульчилсны дагуу энэ арга хэмжээ анх удаа явагдаж байгаа баярт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын нийт иргэд, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч байлдагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, цэргийн үүрэгтэн Та бүхэнд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

            Одоогоос 2220 жилийн тэртээ Модун шаньюй Төв Азид нутаглаж байсан нүүдэлчин аймгуудыг байлдан дагуулж нэгтгэснээр Монголын анхны төрт улс болох хүчирхэг Хүннү гүрнийг байгуулсан үеэс Монгол цэргийн буурал түүх эхэлж, улмаар 805 жилийн өмнө  эзэн Чингис хааны буй болгосон Их Монгол Улсын цэргийн зохион байгуулалт, сүр хүч, байлдах урлаг, сахилга журам дэлхий дахинаа гайхамшигт түүхийг үлдээжээ.

            Энэхүү түүхийг сэргээн уламжилсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл ялалт, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд Манж чин улсын 220 жилийн дарлалаас чөлөөлөгдөж, туурга тусгаар Монгол Улсаа  байгуулан мандуулсан, Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтын гол цөм, хөдөлгөгч хүч нь Монгол цэрэг байсан билээ.

            Ийнхүү Монгол Улсын шинэ түүхийн үед эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх үйл хэрэг, олон улсад энхийг дэмжих ажиллагаанд Монголын цэрэг, Зэвсэгт хүчний дайчид, цэргийн багийн бие бүрэлдэхүүн түүхэн үүрэг гүйцэтгэж, амжилт гаргаж, тавигдсан зорилтоо нэр төртэй биелүүлж, дэлхий дахинаа нэр алдраа мандуулж байгаа нь Монгол цэргийн дайчин уламжлалын илэрхийлэл, Монголын ард түмний бахархал болж байна.

            Энэ өдрүүдэд 1921 оны 3 дугаар сарын 18-нд анхны ялалт байгуулж, улмаар шинэ үеийн Зэвсэгт хүчний эхлэлийг тавьж, хөгжиж бэхжсэн түүхт 90 жилийн ойг тэмдэглэж байгаагийн зэрэгцээ  1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буй болсны 100 жил, 1921 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойг угтсан их ажлын хүрээнд уг арга хэмжээг  зохион байгуулж байгаа нь Монгол цэргийн түүхнээ  онцлог  үйл явдал болж үлдэх юм. 

            Та бүхнийг Монгол цэргийн урлаг, дайчин замналаас суралцах, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах, цэргийн шинэчлэлийг төгөлдөржүүлэх, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйл хэрэгт улам их амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.
           
            Монгол цэргийн золбоо хийморь үеийн үед мандан бадарч байх болтугай.

             
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Л.БОЛД