July 17, 2011

Агаарын танхайрал /2-р хэсэг/


             Гурав хонгийн өмнө энэ хөндий уруудсан засмал замаар тэрээр их гутруу, сэтгэл гонсгор явсан нь гэнэт санагдав.
            Сэтгэлт бүсгүй Туултайгаа улсын баярыг хамт тэмдэглэн баярлахаар тохироод байтал түүнийг наадмын үеэр ажиллах байлдааны жижүүрлэлтэнд томилсон байв.
            Сургууль төгсөж ирээд удаагүй шинэхэн нисгэгчийг түргэн дадлагажуулж хорооны нисэх бүрэлдэхүүний эгнээнд татан оруулахын тулд харуул манааны элдэв ажлаас голдуу чөлөөлж түүний нислэг, сургуулалтыг нь аль болох завсардуулахгүй байхыг эскадрилийн удирдлага анхаардаг байв.
            Гэтэл энэ удаа манаанаас чөлөөлөгдөх ямар ч боломж олдсонгүй. Ингээд Туулдаа ч хэл дуулгаж чадалгүй баярын хонгуудад манаанд томилогдох нь тэр.
            Жижүүрлэлтэнд гарсан нисгэгчид хөөрч буух зурвасны үзүүр дээрээс хэзээ хэзээгүй агаарт цойлон гарч байлдааны даалгавар биелүүлэхээр зэр зэвсэгээ агсан нэгдүгээр зэргийн бэлэн байдалд байгаа хос сөнөөгч онгоцны бүхээгт цаг цагаар ээлжлэн сууж жижүүрлэн байлаа.
            Баярын өдрөөр Туул бүсгүй хийх юмаа олж ядан ганцаар уйтгарлан байтал элдэв явдалд уруу татах дуртай найз хүүхэн Заяат нь хоёр залуугийн хамт тэднийд ирээд: “чамайг бид гурав диваажин шиг тансаг газар аваачиж үлгэрийн юм шиг жаргаах гэж байна. Хамтдаа явъя л даа” гэж ятгасаар амралтанд аваад явав.
            Улс, хотлоороо баярлан цэнгэж байхад ганцаар гиюүрэн үлдэхийг тэр ч хүссэнгүй.
            “Тэр Элбэг гэдэг чинь дэндүү нялуун хачин хүн байна билээ. Би олон юм ярихгүй шүү. Яахав, зүгээр байж байхаар чамд л хань больё” гэвэл Заяат: -“Юун маягтай юм бэ? Чамайг байна аа! Энэ Элбэг их магтаж байна лээ. Машинд суугаад явахад чиний сэтгэл аяндаа сэргэнээ” гээд түүнийг дагуулан хаалгаар гарч одов.
            Хотоос гарсан цардмал замаар салхи татуулан давхих суудлын гоёмсог машины жолоог Элбэг хэмээх тарган цагаан эр сурмаг гэгч нь мушгих агаад түүний хажууд Туул сууж арын суудал дээр Заяат хүүхэн хууз сахалтай нэгэн эрийн хамт сууж мөрөөрөө тэврүүлэн найланхайтан явна.
            Тэр өдөр Бат-Очир манаанаас буусан даруйдаа Туулын хойноос сурагласаар амралтын газар ирж тэдний байгаа өрөөг нь олоод хаалгыг нь түлхэн ортол Элбэг орон дээр суугаад бүсгүйг хүчээр шахам тэврэн үнсэж байв.
            Ширээн дээр дундуур болсон шил архи элдэв чихэр жимс дэлгээстэй харагдана.
            Санаандгүй байдлаас хэн хэн нь эвгүй байдалд орсон тэд давхийтэл цочицгоож нэг хэсэг балмагдацгаав.
            “Сайн байцгаана уу? Уучлаарай сайхан амарцгааж байна уу?” хэмээн Бат-Очирыг хулгас хийн үгээ зөөн асуувал.
            “Хэнийг асуух гээв?” гэж Элбэг илт уцаарлан асуув.
            Байдгаараа ичиж зовсон Туул нүүрээ улайлган буруу хараад “...Өөрөө энд амрахаар ирээ юу?” гэв.
            Элбэг гайхан тэр хоёрыг ээлжлэн харна.
            “Үгүй ээ, би чамайг эргэж ирсэн юм” гэж Бат-Очир эл байдалд нилээн цухалдаж хүчээр шахам хоолойгоо шахан хэлэв.
            Тэгтэл Элбэг хөндлөнгөөс ярианд оролцон: “-Та нар чинь танил уу? Наашаа суугаач” гэж ширээнд урив.
            Бат-Очир: “баярлалаа” гээд эргэлзсэн байртай ширээнд дөхөж. “Баяр наадам сайхан болсон уу?” гэвэл “Зүгээр, өөрөө сайхан баярлав уу?” гэж Туул жишүү харсан чигээр хайнгадуухан асуув.
            “Баяраар байлдааны жижүүрт томилогдоод чамд хэл дуулгаж амжсангүй” гээд Бат-Очир ширээнд суутал Элбэг архинаас хоёр стаканд хундагалан:
            “-Ахын хишиг дүүд олддоггүй юм уучих, /гээд архи сарвайнгаа/ танилцъя, Элбэг” гэв.
            Гэнэтийн энэ явдалд ичиж зовон мэнчийтэл улайсан Туул гарахыг завдтал,
            “-Чи хаачих гээв?” гэж Элбэг их л зандрангуй асуухад “Зүгээр, би салхинд гаръя” гээд буруу харсан чигээрээ үүд рүү зүглэв.
            “Чи жаахан суугаач дээ!” гэж Бат-Очирыг аяархан хэлэхэд Туул нүүр буруулсан чигээр түүний хажуугаар зөрөн үг дуугуй гүйн гарлаа.
            Элбэг түүний хойноос: “Туул аа! Энэ хүн чамтай уулзах гэж ирсэн юм биш үү?” гэсээр хоцров.
            “За би ч гэсэн гаръя даа. Баярлалаа” гээд хундагатай архийг нь буцааж тавиад Бат-Очир ширээний ардаас өндийхөд, Элбэг /суудал дээрээ өндөлзөн/: “Надаас зугтаах гээд байна уу, та хоёр” гэхэд
            “Үгүй ээ. Харин би л та хоёрт саад болчихов уу даа. Уучлаарай!” гэж Бат-Очир хэлээд үүд рүү зүглэв.
            “Мэдээж ш дээ” гэж ихэрхэн хэлэх Элбэгийн дуу түүний ард хоцров.
            Амралтын байрнаас гүйж гараад орох байх газраа олж ядтал ичиж сандарсан Туул түргэн түргэн алхалсаар бургаст шугуйг зүглэв.
            Бат-Очир Туулын араас гүйцэж очоод урдуур нь хэрэн зогсож, “-Таны амралтыг саатуулж орхилоо. Уучлаарай. Ганц, хоёр үг сольчихгүй юу?” гэвэл Туул түүний нүүр өөд шиврэн хараад: “Харин та ч намайг мэхэлж хоёр, гурван өдөр гудамж сахиулсан шүү” гэв.
            “-Уучлаарай. Цэргийн хүн эх орны манаанд томилогддог, ажил гэнэт гардаг юм байна” гэж Бат-Очир бувтнан хэлэв.
            Туул уурссан чигээр: “Би буруутгаад байх юу байхав. Бид хэн хэн нь өөр хүмүүс.” Гээд жишүү харан зогсов.
            “За тэгвэл энэ бүхнийг мартъя. Би чамайг зүгээр л эргэж ирсэн юм аа.” Гэж Бат-Очир бүсгүйг царайчлан хэлэхэд
            “Баярлалаа. Би ямар эмнэлэгт байгаа биш” гэж Туул шилбэлзэв.
            Бат-Очир: /биеэ барьж ядан/ “... Амрагтайгаа байхад чинь гэнэт ороод эвгүй байдалд оруулчихлаа. Уучлаарай. Би чамайг ийм байх юм гэж даан ч санасангүй” гэвэл...
            Туул: “Х,н!... /гэж хэсэг түгдэрснээ/ битгий хүн доромжлоод байгаарай.” Гээд ширэв татав.
            “Чиний энэ эзэнтэн чинь намайг шоглож байх шив.” Гэж Бат-Очир амралтын байрны зүг хялайн хараад хэлэв.
            “Би ямар боол юм уу?” гээд Туул Бат-Очирын нүүр өөд хилэгнэн харав.
            “Айхавтар үнсэлцэж байх юм аа.” гэж Бат-Очир хүүхний хорыг улам малтав.
            “За за, юу л гэж бодно, бодно л биз.” Гээд Туул явахыг завдахад нүдэнд нь нулимс цэлэлзэж байв.
            Бат-Очир түүний замыг хэрэн: “Би үзсэн харснаа л ярьж байна.” гээд хүүхний нүүрэнд нүүрээ тулган хэлэв.
            Туул түүнийг илт тээр шаан өөрөөсөө түлхэн холдуулаад: “Надад ярих юм алга. Яв яв! Би чамд хамаагүй” гэхэд хоёр нүднээс нь нулимс мэлмэрч байв.
            Бат-Очир хүүхний гараас чангаан хоёулаа эндээс явъя гэв.
            Энэ хооронд Элбэг мөнөөх хоёр найзыгаа дуудан босгож машинаа асаан Туул Бат-Очир хоёр дээр давхиж ирээд Бат-Очирыг бараг мөргөх шахан тулж ирж зогсов. Бат-Очир хөдөлсөнгүй зогссоор байв.
            Заяат хүүхэн түрүүнд нь бууж ирэн ам нээж: “-За нөгөө сураг нь гараад байсан мундаг нисгэгч чинь арай өөрөө нисээд ирсэн юм биш биз?” хэмээн ёжтой асуув.
            Элбэг машинаасаа бууж ирээд: “-Залуу! Юунд хүн уйлуулав. Эмэгтэй хүнийг дээрэлхэх санаа байна уу? Аан?” гээд Бат-Очирт дөхөв.
            “Та нарт хүртээлгүй” гэж Бат-Очир түүн рүү огцом эргэн хараад хэлэв.
            “Шувуу шиг нисдэг гэлүү? Одоо тэгвэл зөгий шиг хүн хатгах нь шив дээ” гээд Заяат хүүхэн Туулын дэргэд очив.
            Тэгтэл Элбэгийн найз хар нүдний шил зүүсэн хууз сахалтай өндөр хар залуу ярианд оролцон “...Шумуул гээч...” гээд шүлсээ газар нулиман Бат-Очирт ойртоход, Бат-Очир биеэ хураан: “Та нар яах гээв? Бүлгээрээ нийлж хүн доромжлох нь уу?” гэвэл Заяат хүүхэн толгойгоо донжтой нь аргагүй хаялан:
            “-Тэнгэрээр нисдэг шувуухай минь хаана буучихаад явган майжигнаж ирэв? Чам шиг бардам ам, шалдан гуя миний найзад бүү санаарх, алив та хоёр наад муугаан нэг болгоод өгөөч. Найзыг маань дээрлэхсэн байна ш дээ.” Гэвэл
            “За дүү ахыгаа уурлаагүй байгаа дээр бушуухан эндээс зайл!” хэмээн Элбэг нударга зангидан ташаа тулж цээжээ ханхалзуулан зогсож байв.
            Туул тэсгэлгүй “Та нар боль л доо. Миний хэрэг та нарт ямар хамаатай юм бэ?” гэж чарлан хэлэв.
            “Туулаа больж үз. Наад далан худалч чинь бас юу гэж ирээв? Ямар нисгэгч ингэж явдаг юм. Нисч явахыг нь чи харсан биш. Больж үз.” Гэж Заяат хүүхэн Туулыг ятган Бат-Очир уруу хялалзаж байв.
            Түүний хэрэгт хөндлөнгөөс хүч түрэн орсон тэр хоёр эртэй Бат-Очир гар зөрүүлэхээс буцахгүй байдалд ороод байгааг энд хүргэж ирээд түрүүнээс хойш тэднийг ажишлан байсан жолооч эр Бат-Очирын дэргэд давхин ирвэл.
Элбэг түүнд хандан : “-Та энэ хүнээ аваад эндээс явж үзээч! Амралт үймүүлчихлээ” гэв.
“Харин тэгвэл би ёстой үймүүлсэн шиг үймүүлээд өгье л дөө” гэж Бат-Очир шазуур зуун хэлээд тэдний өөдөөс эрслэн очвол Элбэгийн найз хууз сахалт эр : “-Пөөх цэргийн бослого гаргах нь уу? Үзвэл ч, үзье л дээ.” гээд ханцуй шамлан хоёр нударгаа зангидан Бат-Очиртой зодолдох гэхэд Элбэг түүнийг хорин: “за болъё, бид учир мэдэх хүмүүс байна” гэв.
Туул: “Болиоч дээ та нар!” гээд уйлан гүйж одов. Заяат түүнийг аргадахаар араас нь явав.
“Ёстой навс бөмбөгдчихмөөр новшнууд шив” гээд Бат-Очирыг эргэтэл мөнөөх хууз сахалт илт өдөн: “-Бөмбөгдөл дөө бөмбөгд. Муу царцаа минь чаддаг юм бол нисч ирээд бөмбөгд” хэмээн хор шарыг нь улам малтав.
“Энэ ямар хэрүүлч новш вэ?” гээд Бат-Очирыг тэдэн рүү эргэхэд жолооч эр түүнийг хорьж зогсоон: “-За яршиг эд нартай юугаа хийх гэсэн юм?” гээд машин руугаа түүнийг дагуулан явав. Тэдний ард Элбэг, хууз сахалт хоёр ялсан баатрын дүрээр их л бардам хоцров.
Буцах замдаа Бат-Очир сэтгэлээр бүр мөсөн гутрав. Хайр дурлалын эзэн болсон бүсгүй өөр хүнд урваж түүний ариун хайр сэтгэлээр нь тоглон тохуурхаж хамгаас нандин ажил мэргэжлийг нь хүртэл гутаан доромжилсон явдалд үхтлээ гомдож үе үе дэлбэртлээн уур хүрч явжээ.
Ийм л нэг болсон явдал Бат-Очирын бодлоос гарч өгөхгүй одоо хир сэтгэлийг нь зовоосоор л байгаа юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!