July 17, 2011


            Бүртийх ч үүлгүй, толь мэт тунгалаг хөх тэнгэр дээр мэлтийж, дэргэд жижиг шувуудын жиргээн сонсдох төдий нам гүм нислэгийн талбайд гэнэт овор хэмжээ их, хүнд нүсэр чирэгч машинууд нар салхинд онгож гандсан бүдэг саарал бризентэн бүтээлгээр битүү далдлан хучсан байлдааны сөнөөгч онгоцнуудыг ар араасаа чирэн ирж нэг эгнээнд зэрэгцүүлэн байрлуулж эхэлжээ.
            Орчин тойрны агаарын байдлыг тандахаар ниссэн агаарын тагнуулын онгоц дөнгөж сая тэнгэрийн хаяанаас шуугиулан ирж буув.
            Эгнэн зогссон онгоц бүрийн бүхээгний шилэн бүрхүүл дээр мандах нарны туяа таширлан тусахад алмас эрдэнийн өнгө цацран гялалзах нь нэн сонин.
            Энэ өдөр нэгдүгээр ээлжинд нислэг хийх даалгавар авсан гуравдугаар зэргийн цэргийн нисгэгч, цэл залуухан дэслэгч Бат-Очир өөрт хуваарилагдсан сөнөөгч онгоцон дээрээ бүхнээс түрүүлэн ирвэл уг хөлгийг хариуцсан техникч Төрмөнх: -“Нөхөр дэслэгч! 009 дугаарын байлдааны хөлөг нислэгт бэлэн” хэмээн тов хийтэл ёслон угтав.
            Онгоцны хоёр эзний нэг нь нисгэгч тэнгэрт нисч байлдааны даалгавар биелүүлнэ, нөгөө нь нэг эзэн болох техникч нь газарт онгоцоо засч, арчлан нислэгт байнга бэлэн байлгадаг билээ. Бат-Очир техникчтэйгээ хальт мөлт гар барин мэндлээд онгоцныхоо гадна биед нислэгийн өмнөх техникийн үзлэг түргэн гэгч нь хийчхээд онгоц өөд цоройлон тулгасан шатаар шаламгайлан авирч бүхээгэнд орж суув.
            Техникч Төрмөнх хэмээх даруухан бор залуу нисгэгчийн араас шат өөд авиран гараад бүхээг рүү нь тонгойн зогсч нисгэгчийн суудлийн даруулга, шүхрийн бэхэлгээ өмсөхөд нь туслаад, суудлынх нь шидэж буулгах төхөөрөмжний төмөр троссоор хэлхсэн шоруудыг сугалан авч зүүн гартаа багсайтал атган бариад хөдөлгүүр асаах дохио хүлээх хооронд хэд гурван үг солихыг завдвал тэрбээр баргар царайлан аман дотроо эг маг хийж олигтой ч яриа өрнөсөнгүй.
            Удалгүй нислэг удирдагчийн шилэн цамхагийн зүгээс ногоон пуужин хоёр удаа агаарт харван цацарлаа. Тэр даруй талбай дээр татан байрлуулсан бүх онгоцны хөдөлгүүр зэрэг шахам асан нүргэлж нисэх хорооны жирийн нэгэн нислэгийн өдөр ийнхүү эхлэн буйг өөрийн гэсэн догшин сүрлэг чимээгээр хавь орчноо дөжиртөл нүрэглэн зарлаж байгаа нь энэ билээ.
            Удалгүй эхний онгоцнууд нислэгийн удирдагчаас зөвшөөрөл аван ээлж дараалан хөөрөх зурвасанд явгалан гарцгааж гарааны талбарт байраа эзлэв.
            “Анхаараарай! Анхаараарай! Өнөөдөр 7 сарын 16 өдөр ... дугаар нисэх хороо.....” гээд нислэг удирдагчийн аргил хоолой радио нэвтрүүлэгт цуурайтан энэ өдрийн ээлжит нислэг эхэлснийг зарлан мэдэгдээд эхний онгоцонд агаарт хөөрөх зөвшөөрөл өглөө.
            Ар араасаа ээлж дараалан тэнгэр өөд цойлон одох хурдан онгоц агшин зуур холдон бараа алдарч тийрэлтэт хөдөлгүүрийн чих дөжрөм нүргэлсэн их чимээ төдхөн бүдгэрэн замхарна.
            Энэ өдөр нам өндрийн богино замналаар нисэх даалгавар авсан дэслэгч Бат-Очир хоёр хөмсөгөө байдгаар нь зангидан, духаа атируулан радарын хяналтанд харагдахгүй байхаар уулсын ам, хоолой, ар өвөр бэл дагуулан газрын зураг дээр татсан замналаар онгоцоо жолоодон хоёр тийшээ хялам хийх ч завгүй нам өндөрт шуугиулж явна.
            Жолоо атгасан Бат-Очирын баруун гар тэрүүхэндээ чичигнэн хөдлөх төдийд л онгоц нь баруун, зүүн далавч руугаа даялан хазайхад чиглэл нь өөрчлөгдөж цаашид улам бүр  өндрөө намсган доош шурган ниснэ.
            Хоёр далавчин доогуур хэзээний танил дасал газрын гадаргуу жирэлзэн өнгөрнө.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!