June 27, 2011
Олон түүхт үйл явдал давхацсан энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Цэргийн ёслолын жагсаал явах юм. Өнгөрсөн 5 дугаар сарын дунд үеэс өөр, өөрсдийн анги, салбарт хүн нэг бүрийн, эгнээний, болон нэгдсэн бэлтгэлээ базаасан тэд энэ сарын 20-ноос БХИС-ийн жагсаалын талбайд ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэлээ эхлүүлээд байна. Ирэх сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх хугацаанд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд хоёр удаа зэвсэг техник, морин жагсаал оролцсон иж бүрэн бэлтгэлийг хийх аж. Энэ тухайд ЗХЖШ-ын АУГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Пүрэвдоржоос тодруулжээ.
Ёслолын жагсаалд ямар бүрэлдэхүүн оролцох вэ?
-Ардын хувьсгалын 90 жилийн ой, “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг тохиолдуулан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаал 7 дугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Томоохон энэ арга хэмжээнд ЗХЖШ-ын ҮЖҮНХ, БХИС-ийн ЦХС-ийн бөмбөрчид, ЗХЖШ-ын бүтцийн нэгжүүд болон ЕЗЦК, АДХЦК-ын харьяа анги, салбаруудын бие бүрэлдэхүүн, Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, ХХЕГ, Дотоодын цэрэг, ШШГЕГ, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүний төлөөлөл гээд нийтдээ 2000 гаруй цэргийн алба хаагч оролцох юм.
Техникийн болоод Морин цэргийн жагсаал мөн явах байх аа?
-Тийм ээ. Сүүлийн үед Зэвсэгт хүчний зэвсэглэлд шинээр нэвтэрсэн зэвсэг, техникийн төлөөлөл, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг, 232 дугаар ангид шинээр зохион байгуулагдсан морин дивизионоос Морин цэргийн жагсаал оролцох учраас ёслолын жагсаалын ажиллагааны сүр, хүч улам нэмэгдэх нь ойлгомжтой.
Ард түмэн хуучнаар шөнийн парадыг тэсч яван хүлээдэг дээ?
-Хүн, морь, зэвсэг, техник оролцсон иж бүрэн бэлтгэл 7 дугаар сарын 4, 6, 8-ны шөнө Д.Сүхбаатарын талбайд  явагдана.
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид орж, тус улсад айлчлаад ирлээ. Тэд Арлингтон дахь дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслолд оролцож, Уолтер Рийдийн цэргийн эмчилгээ, сувилгааны төвд зочилж, АНУ-ын сенатор Жо Лийберман, Конгрессын гишүүн Дункан Хантер, АНУ-ын Штабуудын ерөнхий хорооны дарга, адмирал Майкл Муллентэй уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, цэргийн шинэчлэлийн асуудал, Зэвсэгт хүчний ЭДА-нд оролцож байгаа тухай ярилцжээ.
       Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Олон үндэстний холбооны харилцан ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлтийн хурал Улаанбаатар хотод болж байна. Энэ хурлыг АНУ-ын Номхон далай дахь Цэргийн командлалын J-6-гийн алба болон ЗХЖШ-ын Удирдлага, холбооны хэлтэс хамтран зохион байгуулж буй юм. Хоёр талаас томилогдсон 16 хүнтэй багийг  J-6-гийн орлогч дарга, хурандаа Блейкли, бригадын генерал П.Пүрэвбазар нар ахлан хурлын үйл ажиллагааг удирдан явуулж байгаа бөгөөд уг хуралд 18 орны 50 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Бүс нутгийн хэмжээнд тохиолдсон аливаа гамшиг ослын үед холбооны харилцан ажиллагааг хэрхэн зохион байгуулах, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож буй энэ хурлын нээлтэд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай оролцлоо. Энэ сарын 24-нд өндөрлөх хурлын үеэр 8 дугаар сарын сүүлчээр бүс нутгийн орнуудын цэргийн холбоочдын хээрийн сургуулийг Сингапурт хийхээр шийдвэрлэсэн аж. Уг хээрийн сургуульд манай цэргийн холбоочид оролцох юм.

1000 ЦЭРЭГ “БҮЖИГЛЭНЭ”

        Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааны үзүүлэх тоглолтод оролцох хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэлийг хангах ажил Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна. Хээрийн байрлалыг ЗХЖШ-ын АУГ-ын Сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Баасандамба хариуцаж, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, ЦДБЭЧ-ын ерөнхий балетмейстр, дэслэгч Л.Баттөр нарын уран бүтээлчид үзүүлбэрийн найруулагчаар ажиллаж байна. Зэвсэгт хүчний 19 анги, байгууллагын 1000 гаруй цэрэг, түрүүч, офицер, ахлагч нар монгол цэргийн түүхэн уламжлалыг харуулсан үзүүлбэрийг бүжгийн хэлбэрээр илэрхийлэх аж. Хугацаат цэргийн алба хаагчдын 90 хувь нь 2011 оны l ээлжээр цэргийн албанд татагдагчид байгаа учраас сургалтын төлөвлөгөөний дагуу цэргийн ерөнхий бэлтгэл хичээлийг хамт зохион байгуулж байгаа юм байна.