May 3, 2011
       УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайдын урилгаар 2011 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга Б.Батбаяр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр болон албаны бусад хүмүүс багтсан байна.
        Батлан хамгаалахын сайд Л.Болдын айлчлал Солонгосын дайнд амь үрэгдэгсдэд зориулсан “Эх орончдын дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөснөөр эхэлсэн. Сайд Л.Болдод БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны хүндэт харуул  хүндэтгэл үзүүлсний дараа Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Куань Жиньтэй яриа хэлэлцээ хийлээ. Яриа хэлэлцээний явцад Зүүн хойт Азийн бүс нутаг, Солонгосын хойгийн асуудлаар харилцан байр сууриа илэрхийлж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хоёр улсын зэвсэгт хүчний шинэчлэл, цаашдын хөгжлийн явцын талаар харилцан мэдээллээ. Батлан хамгаалахын сайд Л.Болд 1999 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг дараагийн шатанд гаргаж, цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах, цэргийн шинэчлэлийн үйл явцад хамтран ажиллах санал тавихад БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд саналыг таатайгаар хүлээн авч, бүх талаар дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох хоёр талын ажлын хэсэг байгуулж ажиллахын чухлыг онцлон тэмдэглэлээ.
        Монгол Улсад жил бүр болдог “Хааны эрэлд” олон улсын хамтарсан хээрийн сургуульд Солонгосын зэвсэгт хүчний цэргийн баг, офицерууд 2006 оноос тасралтгүй оролцож байгаа уламжлалаа хадгалж энэ онд цэргийн багаа оролцуулах болсноо Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Куань Жинь илэрхийлсэн. Л.Болд, Б.Батбаяр нар дөрөвдүгээр сарын 22-ны өдөр БНСУ-ын парламентын гишүүн ноён Чон Жан Соньтой уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Төлөөлөгчид айлчлалын явцад Солонгосын дайны музей, 38 дугаар өргөргийн дагуу орших Пань Мүнь Жом, НҮБ-ын Аюулгүй байдлын нэгдсэн хүчний байр, Тэнгисийн цэргийн 2 дугаар флотод зочилсон байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!